Нэгдүгээр зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ажилчин, хоршоолсон ардууд, /малчин, тариаланчид/ хөдөлмөрч сэхээтний социалист улс бөгөөд түүний үндэс нь ажилчин анги, хоршоолсон ардын холбоо мөн.
Хоёрдугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ардын ардчилсан төрийн хэлбэрээр тогтноно хөгжиж байгаа социалист улс мөн.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Төрийн мөн чанар, зохион байгуулалтын ерөнхий зарчим
Нэгдүгээр зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ажилчин, хоршоолсон ардууд, /малчин, тариаланчид/ хөдөлмөрч сэхээтний социалист улс бөгөөд түүний үндэс нь ажилчин анги, хоршоолсон ардын холбоо мөн.
Хоёрдугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ардын ардчилсан төрийн хэлбэрээр тогтноно хөгжиж байгаа социалист улс мөн.
Гуравдугаар зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад засгийн бүх эрх хөдөлмөрчин ард түмний мэдэлд байна. Монголын хөдөлмөрчин ард түмэн өөрөө сонгогдсон депутатуудын бүрэлдэхүүнтэй Ардын хурлаар уламжлан засгийн эрх барина.
Дөрөвдүгээр зүйл: Ардын депутатуудын хурлыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэд нийтээрээ тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууц гаргаж сонгоно. Сонгууль явуулах журмыг БНМАУ-ын хуулиар тогтооно.
Тавдугаар зүйл: Төрийн бүх байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим бол төвлөн удирдах ардчилсан ёс мөн. Төрийн бүх байгууллага, хөдөлмөрчин олон түмнийг түшиглэж холбоогоо байнга бэхжүүлж байх үүрэгтэй.
Зургадугаар зүйл: Бүх шатны Ардын хурал, тэдгээрийн депутатууд, сонгогчдын өмнө ажлаа хариуцан тайлагнана.
Сонгогчдын итгэлийг хөсөрдүүлсэн буюу Ардын Хурлын депутатын нэр төрд харш үйлдэл хийсэн Ардын Хурлын депутатыг сонгогчид нь олонхийн саналаар хэдийд ч огцруулах эрхтэй.
Долдугаар зүйл: Төрийн бүх байгууллага нь үндсэн хууль, бусад бүх хуулийг нарийн чанд биелүүлэх үүрэгтэй.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Төрийн эдийн засгийн үндсэн зарчим ба үүрэг
Наймдугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын эдийн засгийн үндэс бол хөдөлмөрчид олон жил шургуу тэмцэн, үйлдвэрлэлийн хэрэгслийг хувьдаа өмчлөх журмыг халж хүн хүнээ мөлжих ёсыг устгасны үрээр тогтсон социалист системийн аж ахуй үйлдвэрлэлийн хэрэгслийн нийтээрээ өмчлөх социалист өмч мөн.
Есдүгээр зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын социалист өмч бол улсын, / бүх ард түмний хөрөнгө/ хоршооллын, / хөдөө аж ахуйн нэгдэл ба бусад төрлийн хоршооллын хөрөнгө/ ийм хоёр хэлбэртэй байна.
Аравдугаар зүйл: Бүх газар, түүний хөрсөн доорх баялаг, ой мод, гол ус, тэдгээрийн баялаг, улсын үйлдвэр /фабрик, завод, нийт уурхай, алт боловсруулах явдал/ зэрэг төмөр замын ба ус агаарын тээвэр, авто машин, засмал зам, холбооны хэрэгсэл, банк, сангийн аж ахуй, мал аж ахуйн машинт станцууд, улсын нийгэм ахуйн газар, хот сууриан газрын орон сууцны улсын үндсэн фонд, улсын үйлдвэрүүдийн түүхий эд мариериал, бүтээгдэхүүн, улсын худалдаа бэлтгэлийн ба соёл шинжлэх ухааны газрууд, мөн улсын бүх байгууллагын эд хөрөнгө энэ бүхэн бол улсын өмч буюу ард түмний хөрөнгө мөн.
Арван нэгдүгээр зүйл: Хоршоолсон байгууллага, хөдөө аж ахуйн нэгдлийн нийгмийн үйлдвэрийн газрууд, түүний тоноглол, хөрөнгө хогшил, гаргаж байгаа бүтээгдэхүүн, нийгмийн барилга, трактор, комбайн, хөдөө аж ахуйн бусад машин, багаж, тээврийн хэрэгсэл, нийгэмчилсэн мал нийтийн бусад эд хөрөнгө эдгээр нэгдэл, хоршооллын байгууллагын социалист өмч мөн.
Хөдөө аж ахуйн нэгдлийн өрх нэг бүр нэгдлийн нийгмийн үйлдвэрлэлд гишүүдээ оролцуулж үндсэн орлогоо олохоос гадна амины туслах аж ахуйтай байж болно. Энэ туслах аж ахуйн хэмжээг хөдөө аж ахуйн нэгдлийн дүрмээр тогтооно.
Арван хоёрдугаар зүйл: Хөдөө аж ахуйн нэгдэлд газрыг үнэ төлбөргүй байнга эдлүүлнэ.
Арван гуравдугаар зүйл: Иргэний хөдөлмөрлөж олсон орлого, хадгаламж, орон сууц, амины туслах аж ахуй, амины хэрэгцээт зүйлс, гэрийн эд хогшлыг /аминдаа өмчлөх эрх/ түүнчлэн амины өмчийг өвлөх эрхийг хуулиар хамгаална. Амины өмчийн эрхийг улс нийгмийн эрх ашигт харш ашиглаж үл болно.
Арван дөрөвдүгээр зүйл: Социалист төр нь нийгмийн социалист өмчийг хамгаалж бэхжүүлэх, аж ахуй соёлын байгуулалтанд нийгмийн бүх гишүүдийг идэвхтэй оролцуулах, хөдөлмөрийн социалист сахилгыг бүх аргаар бэхжүүлэх, улс орныг империалист түрэмгийллээс батлан хамгаалах явдлыг зохион байгуулна.
Арван тавдугаар зүйл: Тус орны үйлдвэрлэх хүчийг байнга өсгөн өрнүүлж, социалист өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийг тасралтгүй явуулан хөдөлмөрчин олон түмний аж байдал, соёлын хэмжээг хэлбэрэлтгүй дээшлүүлэхийн тулд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын эдийн засгийг улс ардын аж ахуйн нэгдсэн төлөвлөгөөгөөр удирдан хөгжүүлнэ.
Төрийн эдийн засгийн бодлого нь улс ардын аж ахуйн төлөвлөгөөнд социализмын эдийн засгийн хуулийн шаардлагыг зөв тусгахад чиглэгдэнэ. Ардын Их Хурлаар батлагдсан БНМАУ-ын улс ардын аж ахуйн төлөвлөгөө бол хууль мөн. Улс ардын аж ахуйг улсаас удирдахдаа үйлдвэрлэл, хуваарилалт болон хөдөлмөр ба хэрэглэлтийн хир хэмжээнд нарийн чанд бүртгэл хяналтыг өргөн нэвтрүүлнэ.
Арван зургадугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын санхүү зээллэгийн бодлогыг тус орны эдийн засгийн хүчин чадлыг байнга зузаатгах, социалист өмчийг өсгөн бэхжүүлэх, социалист соёлыг хөгжүүлэх, хөдөлмөрчдийн чинээлэг аж байдлыг дээшлүүлэхэд чиглүүлнэ.
Улсын санхүүгийн төлөвлөгөөг улс ардын аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөөнд зохицуулан улсын төсөв болгож хуульчлан баталж нийтэлнэ.
БНМАУ-ын улсын төсвийн орлогын үндсэн эх сурвалж нь социалист аж ахуйн орлого, хуримтлал мөн.
Арван долдугаар зүйл: БНМАУ-ын социалист үйлдвэрлэлийн гол зорилго хөгжүүлэх гол шалтгаан нь социалист нийгмийн гишүүдийн байнга өсөж байгаа амины ба хамтын хэрэгцээг улам нэмэн хангахад шаардагдах ард нийтийн орлогыг хуримтлуулахын тул нийгмийн бүтээгдэхүүнийг улам ихээр үйлдвэрлэн гаргах явдал мөн. БНМАУ-ын ард нийтийн орлогоос социалист үйлдвэрлэлийг өргөтгөх, нөөц байгуулах, эрүүлийг хамгаалах, соёл боловсролыг хөгжүүлэх, /нас хөгширсөн хөдөлмөрийн чадваргүй болсон хүмүүсийг тэтгэх, түүнчлэн нйигмийн бусад гишүүдийн хамтын бусад хэрэгцээг хангах нийгмийн фондод зориулагдах хэсгийг хасаад, үлдэх бүх хувийг нийгмийн бүх гишүүдэд хийсэн ажлын хир хэмжээгээр “Хүн бүр чадынхаа хирээр хийж хийснийхээ хирээр авах” социалист зарчмыг баримтлан хөдөлмөрийн хөлс олгож хуваарилна.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсад хөдөлмөр бол социалист өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх чухал нөхцөл үндэс мөн бөгөөд хөдөлмөрчин олны чинээлэг аж байдлыг дээшлүүлэхэд хэрэглэгдэх эд материалын ба оюуны баялгийг бүтээх эх сурвалж мөн.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн байгууламж
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Төрийн эрх барих дээд байгууллагууд
А/ БНМАУ-ын Ардын Их Хурал
Арван наймдугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн эрхийг барих дээд газар нь Ардын Их Хурал мөн.
БНМАУ-ын АИХ, түүий байгууллагуудын журмыг БНМАУ-ын Үндсэн хуульд нийцүүлж гаргасан БНМАУ-ын АИХ-ын регламент болон бусад хуулиар тодорхойлно.
Арван есдүгээр зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсад гагцхүү Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын байнгын комисс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутатууд, Найрамдах Монгол Ард Улсын Дээд Шүүх, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурор хууль санаачлах эрхтэй. Монголын Үйлдвэрчний Эвлэл Төв Зөвлөлөөрөө, Монголын Хувьсгалт Залуучудын Эвлэл Төв хороогоороо уламжлан хууль санаачлах эрх эдэлнэ.
Хорьдугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал төрийн бүх эрхийг барих бөгөөд үүнээс тухайлбал:
1. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын үндсэн хуулийг батлах ба өөрчлөх
2. Хууль гаргах
3. Гадаад дотоодын улс төрийн бодлогын үндсэн зарчим ба арга явууллагыг тогтоох
4. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийг сонгох
5. Сайд нарын Зөвлөлийг байгуулах
6. Шинээр байгуулсан, татан буулгасан өөрчлөн байгуулсан яамд болон БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн бүрэлдэхүүнд орох төрийн захиргааны бусад тусгай газруудыг батлах
7. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын улс ардын аж ахуйн төлөвлөгөөг хянан үзэж батлах
8. Улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тухай тайланг хянан үзэж батлах
9. Ардын Их Хурлын чуулганы чөлөө цагт Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс гаргасан Ардын Их Хурлаар батлуулбал зохих зарлигуудыг батлах
10. Өршөөл үзүүлэх
11. Социалист эх орноо хамгаалах хийгээд найрамдах тухай асуудлыг шийдвэрлэх болно.
БНМАУ-ын Ардын Их Хурал, төрийн хяналт шалгалтыг үйлдвэр, албан газар, байгууллага, Хөдөө аж ахуйн нэгдэл дэх хөдөлмөрчдийн олон нийтийн хяналт шалгалттай хослуулсан ардын хянан шалгах байгууллагын системийг толгойлдог БНМАУ-ын Ардын Хянан Шалгах Хороог байгуулна.
Ардын хянан шалгах байгууллагын эрх хэмжээ, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг БНМАУ-ын Ардын Хянан шалгалтын хуулиар тодорхойлно.
Хорин нэгдүгээр зүйл: БНМАУ-ын Ардын Их Хуралд тус аймгийн харьяалалтай хороо, аймгийн төвөөс бусад орон нутгийн хот бүрээс нэг, аймгийн төвийн болон улсын харьяалалтай хотын 10000 хүн ам тутмаас 1 депутат тус тус сонгоно.
Хорин хоёрдугаар зүйл: Ардын Их Хурлыг 5 жилийн хугацаагаар сонгоно.
Хорин гуравдугаар зүйл: БНМАУ-ын шинэ сонгогдох Ардын Их Хурлын сонгуулийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс Ардын Их Хурлын депутатуудын бүрэн эрхийн хугацаа дуусахаас 75-аас доошгүй хоногийн өмнө зарлана.
Хорин дөрөвдүгээр зүйл: Шинээр сонгогдсон Ардын Их Хурлын анхдугаар чуулганыг түүний нийт депутатуудын гуравны хоёроос доошгүй нь сонгогдсоноос хойш нэг сарын дотор БНМАУ-ын Төрийн тэргүүн зарлан хуралдуулна.
Хорин тав дугаар зүйл: Ардын Их Хурлын ээлжит чуулганыг жилд нэг удаа хийнэ.
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн санаачлагаар буюу эсхүл депутатуудын гуравны нэгээс доошгүй нь шаардвал Ардын Их Хурлын ээлжит бус чуулганыг хийж болно.
Хорин зургадугаар зүйл: Ардын Их Хурлаас Ардын Их Хурлын дарга, түүний дөрвөн орлогчийг сонгоно. Дарга нь Ардын Их Хурлын чуулганы хуралдааныг удирдах ба түүний дотоод журмыг эрхэлнэ.
Хорин долдугаар зүйл: БНМАУ-ын Ардын Их Хурал нь тус Их Хурлын депутатуудын бүрэн эрхийг шалгах мандатын комиссыг байгуулна.
Хорин наймдугаар зүйл: Ардын Их Хурал нь төсөв-төлөвлөгөө хуулийн төсөл боловсруулах ба үндэстний асуудал, гадаад хэргийг эрхлэх байнгын комисс, түүнчлэн улс ардын аж ахуй, соёлын бусад салбаруудаар комиссууд байгуулна. Комиссуудын ажиллах журмыг Ардын Их Хурал тогтооно.
Хорин есдүгээр зүйл: Ардын Их Хурал, тус Их Хурлын Тэргүүлэгчдийг Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга ба орлогч дарга нар, нарийн бичгийн дарга, тэргүүлэгч гишүүдтэйгээр сонгоно.
Гучдугаар зүйл: БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатуудын олонхийн саналаар батлагдвал хуулийг хүчин төгөлдөрт тооцно.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаас баталсан хууль, тогтоолыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн даргын нарын үсэгтэйгээр нийтэлнэ. Харин Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийг сонгосон тогтоолыг Ардын Их Хурлын даргын гарын үсэгтэй нийтэлж байна.
Гучин нэгдүгээр зүйл: БНМАУ-ын Ардын Их Хурлын ба орон нутгийн ардын их хурлын депутат нар, төрийн захиргааны харьяаныхаа байгууллагын гишүүдэд эрх хэмжээнийх нь асуудлаар асуулга тавих эрхтэй. Депутатын асуулганд захиргааны зохих байгууллага хариу өгөх үүрэгтэй.
Гучин хоёрдугаар зүйл: Ардын Их Хурлын депутатыг БНМАУ-ын Ардын Их Хурал, түүний тэргүүлэгчид, орон нутгийн Ардын их Хурлын депутатыг тухайн Ардын Их Хурал, түүний тэргүүлэгчдийн тогтоолоор олгосон зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эсхүл түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр орон, албан тасалгаа, биед нь нэгжлэг хийх, түүнчлэн үйлдвэрийн газар, байгууллагын захиргааны санаачлагаар ажлаас халах, хөдөө аж ахуйн нэгдэл болон бусад хоршооллын гишүүнээс хөөх, эсхүл сахилгын шийтгэлийн журмаар бага цалин хөлстэй ажил /албан тушаал/-д шилжүүлж болохгүй.
Б/ Ардын Их Хурлын Тэргүүлэгчид
Гучин гуравдугаар зүйл: Ардын Их Хурлын Тэргүүлэгчид бол Ардын Их Хурлын чуулганы чөлөө цагт засаг төрийн эрхийг барих дээд байгууллага мөн.
Гучин дөрөвдүгээр зүйл: Ардын Их Хурлын Тэргүүлэгчид нь:
а/ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хууль, бусад хуулийг биелэлтийг хянана.
б/ Ардын Их Хурлын сонгуулийг зарлан явуулна.
в/ Ардын Их Хурлын чуулганыг зарлан хуралдуулна.
г/ Дагаж шийтгүүлэн байгаа хуулиудад тайлбар өгнө.
д/ Зарлиг гаргана.
е/ Ард нийтийн санал хураах ажил явуулна.
ж/ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөл, орон нутгийн ардын хурлаас хуулинд нийцэхгүй тогтоол, захирамж гаргасан байвал түүнийг өөрчилнө.
з/ Ардын Их Хурлын чуулганд дараа оруулан батлуулахаар яамд, мөн төрийн захиргааны тусгай газруудыг байгуулах, татан буулгах, өөрчлөх ажлыг эрхэлнэ.
и/ Ардын Их Хурлын чуулганд дараа оруулан батлуулахаар сайд нар засгийн газрын бусад гишүүдийг Сайд нарын Зөвлөлийн даргын өргөн мэдүүлснээр томилох буюу албан тушаалаас нь чөлөөлнө.
к/ Уучлал үзүүлнэ.
л/ БНМАУ-ын одон медалиудыг батлах, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хүндэт цол цэргийн ба бусад цол тогтооно.
м/ БНМАУ-ын одон медаль, хүндэт цол шагнана.
н/ Тус улсаас гадаад улсад суух дипломат төлөөлөгчдийг томилох буюу эгүүлэн татна.
о/ Гадаад улсаас тус улсад суухаар ирсэн дипломат төлөөлөгчдийг итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авна.
ө/ Бусад улстай гэрээ, хэлэлцээр хийх бүрэн эрхийг Сайд нарын Зөвлөлд олгоно.
п/ Бусад улстай байгуулсан гэрээ хэлэлцээрийг батлах буюу цуцлана.
р/ БНМАУ-д халдан довтлоход буюу түүнчлэн харийн довтолгооноос харилцан бие биеэ хамгаалах талаар олон улсын гэрээгээр авсан үүргээ биелүүлэх хэрэг тохиолдвол Ардын Их Хурлын чуулганы чөлөө цагт дайны байдал зарлана.
с/ Нийтийн буюу хэсгээр цэрэг дайчилгаа зарлана
т/ БНМАУ-ын иргэн болгож авна. Мөн БНМАУ-ын иргэнээс гарахад зөвшөөрөл олгоно.
у/ Сайд нарын Зөвлөлийн өргөн мэдүүлснээр аймаг /хот/, район, сум /хороо/ байгуулах ба татан буулгах, мөн аймаг /хот/, район, сум, /хорооны/ засаг захиргааны хуваарийг батална.
Гучин тавдугаар зүйл: Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Ардын Их Хурлын депутатуудын бүрэн эрхийн хугацаа дуусахад шинэ сонгогдсон Ардын Их Хурлаас Ардын Их Хурлын шинэ тэргүүлэгчийг сонгох хүртэл бүрэн эрхээ хэвээр хадгалан эдэлнэ.
Гучин зургадугаар зүйл: Ардын Их Хурлын Тэргүүлэгчид нь үйл ажиллагааныхаа талаар Ардын Их Хурлын өмнө тайлагнана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Төрийн захиргааны дээд ба төв байгууллагууд
Гучин долдугаар зүйл: БНМАУ-ын төрийн гүйцэтгэн захирах дээд байгууллага бол БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл мөн.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн эрх хэмжээ, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг БНМАУ-ын Үндсэн хуульд нийцүүлж гаргасан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тухай хуулиар тодорхойлно.
Гучин наймдугаар зүйл: БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл бол Ардын Их Хуралд, түүний чуулганы чөлөө цагт Ардын Их Хурлын Тэргүүлэгчдэд үйл ажиллагаагаа хариуцан тайлагнана.
Гучин есдүгээр зүйл: БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл , дагаж шийтгүүлэн байгаа хуулиудыг үндэслэж, тэдгээрийг биелүүлэн гүйцэтгэхийн тулд тогтоол, тушаалуудыг гаргаж тэдгээрийн гүйцэтгэлийг шалгана.
Дөчдүгээр зүйл: БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс гаргасан тогтоол, тушаалуудыг БНМАУ-ын бүх нутаг дээр заавал биелүүлнэ.
Дөчин нэгдүгээр зүйл: БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл:
а/ Улс төр, эдийн засаг, соёлын байгуулалтыг удирдах талаар БНМАУ-ын яамд ба харьяа бусад албан газрын ажиллагааг нэгтгэн удирдана.
б/ Улс ардын аж ахуйг төлөвлөх ажлыг удирдаж улс ардын аж ахуйн төлөвлөгөө, улсын ба орон нутгийн төсвийг биелүүлэх арга хэмжээ авах ба санхүү- зээллэгийн бодлого явуулна.
в/ Гадаад улсуудтай харилцах ажлыг ерөнхийд нь удирдах ба гадаад худалдааны онц эрхийг биелүүлнэ.
г/ Улс орныг батлан хамгаалах, зэвсэгт хүчин байгуулах ажлыг ерөнхийд нь удирдаж, цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоог тогтооно.
д/ Улсын эрх ашгийг сахин хамгаалж социалист төрийн эдийн засгийн үндэс болсон социалист өмчийг бүхий л аргаар хамгаалах, бэхжүүлэх арга хэмжээ авна.
е/ Нийгмийн ёс дэглэмийг хангах, иргэдийн хувийн ба эд хөрөнгийн эрхийг хамгаалах арга хэмжээ авна.
ж/ Аймаг, хотын ардын хурлын гүйцэтгэх захиргаадын ажиллагааг шууд удирдан чиглүүлнэ.
з/ Хэрэгцээ тохиолдвол Сайд нарын Зөвлөлийн дэргэд аж ахуй, соёлын байгуулалтын хэрэг эрхлэх төв газрууд байгуулна
и/ Засаг төрийн байгууллага газруудын хэрэглэх төрийн сүлд бүхий тамганы маягийг баталж, хийх зөвшөөрөл олгоно.
Дөчин хоёрдугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийг Ардын Их Хурлаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, нэгдүгээр орлогч дарга, орлогч дарга нар, БНМАУ-ын сайд, БНМАУ-ын улсын хороодын дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.
БНМАУ-ын Ардын Их Хурал, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргын өргөн мэдүүлснээр төрийн захиргааны бусад төв байгууллагын эрх баригчийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулж болно.
Улс ардын аж ахуйн удирдлагын болон төрийн удирдлагын бусад асуудлыг хянан хэлэлцэж, шийдвэрлэж байхын тулд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн байнгын байгууллага- Сайд нарын Зөвлөлийн Тэргүүлэгчид ажиллана. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Тэргүүлэгчид нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, нэгдүгээр орлогч дарга, орлогч дарга нараас бүрдэнэ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр БНМАУ-ын Засгийн Газрын бусад гишүүдээс Сайд нарын Зөвлөлийн Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулж болно.
Дөчин гуравдугаар зүйл: Улсын яамд, тусгай газрууд бол – БНМАУ-ын төрийн захиргааны төв байгууллага мөн.
БНМАУ-ын Сайд нар, улсын хороо тусгай газрын эрх баригчид төрийн захиргааны зохих салаа мөчрийн ажил төрлийг удирдаж, тэдгээрийн байдал, ажиллагааны талаар Сайд нарын Зөвлөлийн өмнө бүрэн хариуцна.
БНМАУ-ын яамд, тусгай газруудын ажиллагаа нь нэгдмэл захирамжийн зарчим, асуудлыг хамтарч хэлэлцэх зарчмыг тууштай хэрэгжүүлж, ажилтан бүрийн хувийн хариуцлагыг байнга дээшлүүлэх үндсэн дээр зохион байгуулагдана.
Дөчин дөрөвдүгээр зүйл: Яам, тусгай газар бүрийн эрх хэмжээг хуулинд нийцүүлэн боловсруулж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөр батлагдсан тусгай дүрмээр тогтооно.
Дөчин тавдугаар зүйл: БНМАУ-ын яамдын сайд, тусгай газрын эрх баригчид эрх хэмжээнийхээ дотор тушаал, зааваргаргаж түүний биелэлтийг шалгана. Эдгээр тушаал, зааврыг тус улсын хууль дүрэм БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол, захирамжийг үндэс болгон тэдгээрийн биелүүлэхийн тул гаргана.
ТАВДУГААР БҮЛЭГ
Орон нутгийн эрх барих ба захиргааны байгууллагууд
Дөчин зургадугаар зүйл: БНМАУ-ын нутаг дэвсгэр бол засаг захиргааны талаар аймаг, хот болж хуваагдана. Аймаг нь сумдад, хот суурин нь район хороодод тус тус хуваагдана.
Дөчин долдугаар зүйл: Төрийн эрх барих орон нутгийн байгууллага нь аймаг, хот, сум, хороо, район, орон нутгийн Ардын Хурал мөн.
Ардын Хурлын депутатуудыг тухайн аймаг, хот, сум, хороо, район, орон нутгийн хотын иргэд таван жилийн хугацаагаар сонгоно.
Дөчин наймдугаар зүйл: Орон нутгийн Ардын Хурлын депутатуудын тоог тухайн Ардын Хурал БНМАУ-ын хуульд заасан хязгаарын дотор нутаг дэвсгэрийнхээ хүн амын тоо, бусад нөхцөл байдлыг харгалзан тогтооно.
Дөчин есдүгээр зүйл: Аймаг, хотын ардын хурлын ээлжит чуулганыг жилд хоёроос цөөнгүй удаа тэдгээрийн гүйцэтгэх захиргаанаас зарлан хуралдуулна.
Район, сум хорооны ардын хурлын чуулганыг жилд 3-аас цөөнгүй удаа тэдгээрийн гүйцэтгэх захиргаанаас зарлан хуралдуулна.
Орон нутгийн ардын хурлын ээлжит бус чуулганыг тэдгээрийн гүйцэтгэх захиргааны санаачлага, мөн түүнчлэн АИХ-ын Тэргүүлэгчдийн заалтаар буюу эсхүл депутат нарын тал хувиас цөөнгүй нь шаардвал зарлан хийлгэнэ.
Орон нутгийн ардын хурлын гүйцэтгэх захиргаад нь зохих шатны хурлуудын чуулганы хуралдах өдөр, хэлэлцэх асуудлыг ард олонд цаг тухайд нь зарлан мэдэгдэж, чуулганы ажилд хөдөлмөрчдийг оролцуулж байна.
Тавьдугаар зүйл: Аймаг, хот, сум, хороо, районы ардын хурал нь чуулганы үед дарга, нарийн бичгийн дарга нарыг сонгож хуралдааныг удирдуулна.
Тавин нэгдүгээр зүйл: Аймаг хотын ардын хурал нь өдөр тутмын ажлыг эрхлүүлэхээр гүйцэтгэн захирах газар болох гүйцэтгэх захиргааг дарга, орлогч дарга нар, хариуцлагатай нарийн бичгийн даргыг оролцуулан 7-11 гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр сонгоно.
Тавин хоёрдугаар зүйл: Район, сум, хорооны ардын хурлын гүйцэтгэн захирах газар нь мөн хурлаас 5-9 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгосон гүйцэтгэх захиргаа мөн. Уул бүрэлдэхүүнд: дарга, орлогч дарга нар, хариуцлагатай нарийн бичгийн дарга ба гишүүд орно.
Тавин гуравдугаар зүйл: Гүйцэтгэх захиргааны дарга, захиргааныхаа бүх ажил хэргийг удирдах бөгөөд гүйцэтгэх захиргааны хуралдааныг зарлан хуралдуулж даргална.
Тавин дөрөвдүгээр зүйл: Аймаг, хот, район, сум, хорооны ардын хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад гүйцэтгэх захиргаад нь шинэ сонгогдсон хурлаар бүрэн эрхээ хадгалан эдэлнэ.
Тавин тавдугаар зүйл: Аймаг, хот, район, сум, хорооны ардын хурал, түүний гүйцэтгэх захиргаа:
а/ Харьяа нутаг дэвсгэр дээрээ соёл, улс төр, аж ахуйн байгуулалтыг удирдана.
б/ Аж ахуйн ба хоршооллын байгууллагын ажлыг хянан удирдана.
в/ Орон нутгийн аж ахуйн төлөвлөгөө ба төсвийг баталж тэдгээрийг биелүүлэх арга хэмжээ авна.
г/ Харьяалсан захиргааны байгууллагуудын ажиллагааг удирдана.
д/ социалист хэв ёс, улсын үйлдвэр, албан газар, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршооллын бусад байгууллагын эрх ашиг, мөн иргэний эрхийг хамгаална.
е/ хууль дүрмийг нарийн чанд биелүүлж дээд байгууллагын шийдвэрийг ёсчлон биелүүлнэ.
ж/ хөдөлмөрчин олон түмнийг төр аж ахуй, соёлын байгуулалтын бүх ажилд өргөн бөгөөд идэвхтэй оролцуулна.
Тавин зургадугаар зүйл: Орон нутгийн ардын хурал нь хуулиар олгосон эрх хэмжээний дотор тогтоол гаргана.
Тавин долдугаар зүйл: Ардын дээд шатны хурал нь ардын доод шатны хурал ба түүний гүйцэтгэх захиргааны тогтоол, захирамжийг өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй.
Тавин наймдугаар зүйл: Ардын хурлын дээд шатны гүйцэтгэх захиргаа нь доод шатны гүйцэтгэх захиргааны тогтоол, захирамжийг өөрчлөх буюу хүчингүй болгох, ардын депутатуудын доод шатны хурлын тогтоолыг зогсоох эрхтэй.
Тавин есдүгээр зүйл: Орон нутгийн ардын хурлын гүйцэтгэх захиргаа нь түүнийг сонгосон ардын хуралд болон мөн ардын депутатуудын дээд шатны хурлын гүйцэтгэх газрын өмнө шууд тайлагнана.
Жардугаар зүйл: Орон нутгийн ардын хурал нь ажиллагааныхаа зохих салбараар байнгын комисс байгуулж түүний ажилд хөдөлмөрчдийн дундаас идэвхтэнийг өргөнөөр татан оролцуулна.
Жаран нэгдүгээр зүйл: Аймаг, хотын гүйцэтгэх захиргаанд ажлын салбарыг удирдах хэлтэс газрууд байгуулна. Тэр хэлтэс, газрууд нь аймаг хотын АИХ гүйцэтгэх захиргаа болон БНМАУ-ын зохих яам буюу тусгай газарт захирагдана.
Жаран хоёрдугаар зүйл: БНМАУ-ын орон нутгийн ардын хурлын депутатыг мөн хурал, түүний чуулганы чөлөө цагт гүйцэтгэх захиргааны зөвшөөрөлгүйгээр баривчлах буюу эрүүгийн хариуцлагад татаж үл болно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Шүүх прокурорын байгууллага
А/ Шүүх
Жаран гуравдугаар зүйл: БНМАУ-д шүүн таслах ажлыг БНМАУ-ын Дээд Шүүх, аймаг хотын шүүх, тусгай шүүх, мөн ардын хэсгийн шүүхүүд, тус улсын хууль ёсоор гүйцэтгэнэ.
Жаран дөрөвдүгээр зүйл: Бүх шатны шүүхэд хэрэг шүүн таслах явдлыг хэрэв хуульд зориуд тусгайлан заагаагүй бол ардын төлөөлөгчдийг оролцуулан байнгын шүүгч нар гүйцэтгэнэ.
Жаран тавдугаар зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд Шүүх бол шүүн таслах дээд байгууллага мөн. Дээд Шүүх тус улсын шүүхийн байгууллагын бүх ажлыг удирдаж шүүх таслах ажиллагаанд нь хяналт тавина.
Жаран зургадугаар зүйл: БНМАУ-ын Дээд Шүүхийг Ардын Их Хурлаас 4 жилийн хугацаагаар сонгоно. Дээд Шүүх нь Ардын Их Хурал, түүний тэргүүлэгчдэд ажлаа хариуцан тайлагнана.
Жаран долдугаар зүйл: Аймаг хотын шүүхийг аймаг хотын Ардын хурлаас 5 жилийн хугацаагаар сонгоно.
Жаран наймдугаар зүйл: Хэсэг, район, орон нутгийн хотын ардын шүүхийн шүүгчдийг аймаг, хотын Ардын Хурлын Тэргүүлэгчид 5 жилийн хугацаагаар, ардын төлөөлөгчдийг тэдгээрийн ажиллах нутаг дэвсгэрийн хөдөлмөрчдийн хурлаас саналаа ил гаргаж сонгоно.
Шүүгч, ардын төлөөлөгчөөр ял шийтгэлгүй, 23 нас хүрсэн БНМАУ-ын иргэн сонгогдоно.
Жаран есдүгээр зүйл: Шүүх таслах ажлыг монгол хэлээр явуулна. Монгол хэл мэдэхгүй хүмүүст хэргийн материалыг хэлмэрчлүүлэн бүрэн танилцуулж бас шүүх таслах хурал дээр төрөлх хэлээр нь үг хэлэх эрх олгоно.
Далдугаар зүйл: Бүх шатны шүүх, хэрэг таслахдаа хэрэгтэнд өмгөөлүүлэх эрх олгон, хэргийг ил тасална. Хуулиар тусгайлан заасан хэрэгт шүүн таслах хурлыг хаалттай явуулж болно.
Далан нэгдүгээр зүйл: Шүүгч нар хэргийг шүүн таслахдаа хэний ч нөлөөнд үл автан гагцхүү хуулинд захирагдана.
Б/ Прокурорын газар
Далан хоёрдугаар зүйл: БНМАУ-ын бүх яамд ба бүх байгууллагууд , тэдгээрийн харьяа албан газар, байгууллага, орон нутгийн засаг захиргаа болон олон нийт, хоршооллын бүх байгууллага, албан тушаалтан ба ард иргэдээс хуулийг хэрхэн нарийн чанд биелүүлж байгааг нэгэн адил хянах дээд хяналтыг улсын прокурор гүйцэтгэнэ.
Далан гуравдугаар зүйл: БНМАУ-ын прокурорыг Ардын Их Хурлаас 4 жилийн хугацаагаар томилно. Улсын прокурор бол Ардын Их Хурал, түүний тэргүүлэгчдэд ажлаа хариуцан тайлагнана.
Далан дөрөвдүгээр зүйл: Орон нутагт прокурорын хяналтыг аймаг, хот, районы ба хэсгийн прокурорууд гүйцэтгэнэ. Эдгээр прокурорыг БНМАУ-ын прокурор, 5 жилийн хугацаагаар сонгоно.
Далан тавдугаар зүйл: Орон нутгийн прокурорууд гагцхүү зохих дээд шатны прокурорт захирагдан үүргээ гүйцэтгэнэ.
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ИРГЭДИЙН ҮНДСЭН ЭРХ ҮҮРЭГ
ДОЛДУГААР БҮЛЭГ
Иргэдийн Үндсэн эрх ба түүнийг хангах баталгаа
Далан зургадугаар зүйл: БНМАУ-ын иргэд эрэгтэй эмэгтэй, арьс үндэс, шашин шүтлэг, нийгмийн гарал байдлаар ялгаваргүй тэгш эрхтэй.
Далан долдугаар зүйл: БНМАУ-ын иргэд хөдөлмөрлөх, хөдөлмөрийн хэмжээ чанарт тохирсон цалин хөлс авах эрхтэй.
БНМАУ-ын иргэн бүр аж ахуй, соёлын байгуулалтын аль ч салбарт хүч чадал, мэдлэгээ саадгүй ашиглан хөдөлмөрлөж, хийснийхээ хирээр тогтоогдсон цалин хөлс авч энэхүү эрхээ эдлэх бололцоог тус улсын социалист аж ахуйн системийн бүх давуу тал хангаж өгнө.
Далан наймдугаар зүйл: БНМАУ-ын ард иргэд амрах эрхтэй. Үүнд: Ажлын өдрийн дээд хэмжээг 8 цагаар тогтоож, зарим онцгой мэргэжлийн ажлын цагийг хорогдуулж, ажилчин албан хаагчдыг долоо хоног тутам ба жил бүр амруулж, жилийн амралтын цалинг нь хэвээр олгон театр, клуб, санатори, амралтын газар зэрэг үйлчилгээний газрыг хөдөлмөрчдөд зориулан ажиллуулж энэхүү эрхийг хангана.
Тус орны үйлдвэрлэх хүчин хөгжих тутам ажлын цагийг хорогдуулж, төрөл бүрийн үйлчилгээг сайжруулан хөдөлмөрчдөд ойр дөт болгох замаар хөдөлмөрчдийн чөлөө цагийг нэмэгдүүлж тэрхүү чөлөө цагаа гагцхүү амрахдаа биш, харин мэдлэг боловсролоо дээшлүүлэн, бие бялдар оюун ухаанаа хөгжүүлэхэд улам улмаар ашиглах боломж олгоход БНМАУ-ын бодлого чиглэгдсэн байна.
Далан есдүгээр зүйл: БНМАУ-ын иргэд нас хөгшрөх, төн өвдөх, хөдөлмөрийн чадвар алдах, тэжээгчээ алдахад эдийн тусламж авах эрхтэй. Үүнд: Нийгмийн даатгал, улсын тэтгэвэр, хоршооллын байгууллагын тусгай фондын системээр дамжуулан хөдөлмөрчдөд тусламж олгож, амралт сувиллын газруудыг олшруулан, эмнэлгийн тусламжийг үнэ төлбөргүй үзүүлж, хөдөлмөр хамгааллыг хөгжүүлж энэхүү эрхийг хангана.
Наядугаар зүйл: БНМАУ-ын ард иргэд боловсрох эрхтэй. Үүнд: үнэ төлбөргүй сургаж, ерөнхий боловсролын сургууль, тусгай мэргэжлийн дунд сургууль, дээд сургуулийг олшруулж мэргэжил дээшлүүлэх явдлыг хөгжүүлэн тусгай мэргэжлийн дунд сургууль, дээд сургуулийн оюутнуудад улсаас цалин олгож энэхүү эрхийг хангана.
Наян нэгдүгээр зүйл: БНМАУ-ын иргэн нь шууд буюу төлөөлсөн байгууллагаараа уламжлан улс ба нийгэм, аж ахуйг удирдах хэрэгт чөлөөтэй оролцох эрхтэй. Энэ эрхийг тус орны улс төр, аж ахуй, соёлын байгуулалтын бүх салаа мөчирт өргөнөөр оролцох, үүний дотор сонгууль, ард нийтийн санал хураахад оролцох, төрөл бүрийн ардчилсан нйигэмлэг байгуулах бодит бололцоог бүх иргэдэд олгосноор хангана:
Ардын Хурлын депутатуудын сонгууль бүх нийтийн байна. БНМАУ-ын 18 насанд хүрсэн бүх иргэн эрэгтэй эмэгтэй, арьс өнгө, үндэстэн, шашин шүтлэг, эрдэм боловсрол, нүүдэл суурьшил, эд хөрөнгийн байдал, эрхэлсэн ажлын төрөл, нийгмийн гарлыг ялгалгүйгээр сонгох, сонгогдох эрхтэй. Гагцхүү эмнэлгийн дүгнэлт, шүүхийн шийдвэрээр ухаан солиотой нь нотлогдсон, түүнчлэн хорих ял эдэлж байгаа болон гэмт хэрэгт яллагдагчаар татагдан цагдан хоригдож байгаа хүн сонгуульд оролцохгүй.
Наян хоёрдугаар зүйл: БНМАУ-ын иргэд хүмүүнлэг, ардчилсан социалист нийгэм байгуулах зорилт, ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэлд нийцсэн мөрийн хөтөлбөр, дүрэм бүхий улс төрийн нам, олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдэх эрхтэй. Төрийн тодорхой алба хааж байгаа хугацаандаа улс төрийн аль нэгэн намд харьяалагдахгүй байвал зохих албан хаагчийн албан тушаалын жагсаалтыг БНМАУ-ын хуулиар тогтоож болно.
Улс төрийн нам, олон нийтийн бүх байгууллага нийгэм төрийн аюулгүй байдал, хүн амын эрүүл энх, зан суртахууныг эрхэмлэн сахиж, БНМАУ-ын Үндсэн Хуулийн хүрээнд улс төрийн замаар үйл ажиллагаагаа явуулж, БНМАУ-ын хуулийг дээдлэн биелүүлнэ.
Нам, олон нийтийн бүх байгууллагын эрхийг нь хамгаалах зорилгоор улсын бүртгэлд бүртгэнэ. Төрөөс улс төрийн намыг хүлээн зөвшөөрөх, бүртгэх асуудлыг БНМАУ-ын дээд шүүх хуулийн дагуу шийдвэрлэнэ.
Наян гуравдугаар зүйл: БНМАУ-ын иргэд яс үндэс ялгаваргүй улс орныхоо төр, аж ахуй, нийгэмлэг, нийгэм -улс төр, соёлын бүх ажилд тэгш эрхтэй оролцоно.
Арьс үндэс ялгаварлаж дээрэнгүй үндсэрхэх үзэл гаргаж иргэдийн эрхийг шууд буюу шууд бусаар хязгаарлахыг хуулиар хориглоно.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэр дээр оршин сууж байгаа бүх үндэстэнд үндэсний соёлыг хөгжүүлэн төрөлх хэлээрээ суралцах, ажил хэргээ явуулах бололцоог улсаас олгоно.
Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах, үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэх, энх тайвныг бэхжүүлэх хэрэгт зүтгэсэн буюу шинжлэх ухааны үйл ажиллагааны улмаас хавчигдсан гадаадын иргэдэд БНМАУ-ын нутаг дэвсгэрт оршин суух эрх эдлүүлнэ.
Наян дөрөвдүгээр зүйл: БНМАУ-ын эмэгтэйчүүд нь засаг төр, аж ахуй, нийгэм улс төр, соёл боловсролын бүхий л салбарт эрэгтэйчүүдийн нэгэн адил эрх эдэлнэ. Үүнд: Эмэгтэйчүүдэд хөдөлмөрлөх, амрах, нйигмийн даатгалаар хангагдах, боловсрох нөхцлийг эрэгтэйчүүдийн адил тэгш олгож, эх нялхсын эрх ашгийг хамгаалж, олон хүүхэдтэй эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэх, жирэмсэн эмэгтэйчүүдэд амаржихын өмнө ба хойно зохих чөлөө олгож цалинг хэвээр нь өгөх, амаржих газар ба хүүхдийн ясли цэцэрлэгийг өргөтгөж энэхүү эрхийг хангана. Эмэгтэйчүүдийг эрхээ эдлэхэд ямар нэгэн саад тотгор учруулахыг хуулиар хориглоно.
Наян тавдугаар зүйл: БНМАУ-ын иргэд төрийн байгууллага ба албан тушаалтны хууль бус ажиллагаа, чирэгдэл, хүнд суртал гаргасан тухай төрийн эрх барих байгууллага болоод захиргааны аль ч байгууллагад өргөдөл, гомдлоо амаар буюу бичгээр өгөх эрхтэй. Улсын байгууллага ба албан тушаалтнаас уул өргөдөл гомдлыг дарагдуулалгүй хянан үзэж, хууль ёс зөрчсөн явдалд арга хэмжээ авч, гомдол өргөдлийн хариуг заавал өгөх үүрэгтэй.
Наян зургаадугаар зүйл: БНМАУ-д шашныг төр ба сургуулиас тусгаарласан юм. БНМАУ-ын ард иргэд шүтэх бишрэх, шашны эсрэг суртал нэвтрүүлэг хийх эрх чөлөөтэй.
Наян долдугаар зүйл: БНМАУ-ын төрийн байгууллыг хөгжүүлэн бэхжүүлэх зорилгоор хөдөлмөрчдийн эрх ашигт нийцүүлэн БНМАУ-ын иргэдэд:
1. Үг хэлэх
2. Хэвлэн нийтлэх
3. Хурал цуглаан хийх
4. Жагсаал ёслол үйлдэх эрх чөлөөг хуулиар батлан олгосон болно.
Эдгээр эрх чөлөөг эдлэхэд шаардагдах эд материалын нөхцлийг хөдөлмөрчид ба тэдгээрийн байгууллагад хангаж өгнө.
Наян наймдугаар зүйл: БНМАУ-ын иргэдийн амь бие, тэдний орон сууц, захидал харилцааны нууц нь халдашгүй эрхээр хангагдана.
Шүүхийн тогтоол буюу прокурорын зөвшөөрөлгүйгээр хэнийг ч баривчилж үл болно.
НАЙМДУГААР БҮЛЭГ
Иргэдийн үндсэн үүрэг
Наян есдүгээр зүйл: БНМАУ-ын иргэн бүр:
а/ үнэнч шударга хөдөлмөр бол социалист улсын эд баялаг, хүчин чадлыг зузаатгах хөдөлмөрчин олон түмний чинээлэг аж байдлыг дээшлүүлэх эх сурвалж мөн гэдгийг ямагт санаж бүх хүчин чадал эрдэм мэдлэгээ социализм байгуулах үйлсэд бүрнээ зориулах
б/ БНМАУ-ын үндсэн хуулийг нарийн чанд сахин, хууль дүрмийг ёсчлон биелүүлж хөдөлмөрийн сахилгыг хатуу сахиж, хамтын аж байдлын социалист хэв журмыг дагаж, нийгмийн ёс дэглэмд харш аливаа үзэгдэлтэй идэвхтэй тэмцэх
в/ Хувийн ба нийгмийн эрх ашгийг зөв зохицуулах, улс нийгмийн эрх ашгийг хувийнхаасаа илүүд үзэж байх
г/ Социалист байгууллын халдашгүй ариун, дархан үндэс болсон нийгмийн социалист өмчийг нүдний цөцгийн мэт хайрлаж түүнийг бүхий л аргаар батжуулан арвижуулах
д/ Улс түмний интернационалист найрамдлыг бүхий л аргаар бэхжүүлэх явдлыг туйлын чухалд үзэж, хаа байгаа газраа өдөр тутмын үйл ажиллагаагаараа хөдөлмөрчдийн найрамдал, эв санааны барилдлагаа, Зөвлөлт Холбоот Улс тэргүүтэй социалист лагерийн орнуудын ард түмний нэгдэл нягтралыг бэхжүүлэхэд тус нэмэр үзүүлэх, энэ ариун найрамдал, нэгдэлд хор хохирол учруулж болох элдэв үзэгдэлтэй шийдвэртэй тэмцэх
е/ Өсвөрийн залуу үеийг хөдөлмөрт дуртай, сахилгатай, зохион байгуулалттай, хамт олонч, нйигмийн эрх ашгийг хүндэтгэгч, хөдөлмөр ба социалист өмчийг коммунист ёсоор үзэгч, коммунизмын үзэл ба пролетарийн интернационализмын зарчим, социалист эх орондоо хязгааргүй үнэнч, хөдөлмөрчин бүхнийг арьс үндэс ялгаварлахгүйгээр хүндэтгэгч хүмүүс болгон хүмүүжүүлэх
ж/ Ардын ардчилсан байгууллыг бэхжүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, улсын нууцыг чанд хадгалах, дайснаас ямагт сэрэмжилж байх
з/ Социалист эх орноо социализмын дайснаас ариунаар хамгаалах
БНМАУ-ын Ардын цэрэгт алба хаах явдал бол Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард иргэдийн хүндэт үүрэг мөн.
и/ Иргэний бүх үүргээ нарийн чанд биелүүлэхийн хамт нэг адил биелүүлэхийг бусад иргэдээс шаардах үүрэгтэй болно.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Сүлд, далбаа, нийслэл
Ердүгээр зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд бол төрийн мөн чанар, улс түмний найрамдлын үзлийг илэрхийлэн, тус орны үндэсний болон эдийн засгийн онцлогийг үзүүлсэн байна.
БНМАУ-ын сүлд бол тарианы түрүүгээр хөвөөлсөн дугуй хэлбэртэй байна. Тарианы ишийг хүрд араагаар холбож, эдгээрийг “БНМАУ” гэсэн үсэг бүхий улаан, цэнхэр өнгийн туузаар ороож зангидсан байна.
Сүлдийн төвд БНМАУ-ын хангай, говь, тал хосолсон нутгаар мандах коммунизмын наран өөд хурдалж яваа морь унасан хөдөлмөрчин хүн зурсан байна. Сүлдийн магнайд тариан түрүүний хоёр үзүүрийн хооронд дундаа алтан соёмбо үсэг бүхий таван хошуу байна.
Ерэн нэгдүгээр зүйл: Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улсын сүлдийг үндэслэн хийнэ. БНМАУ-ын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд тэгэхдээ гурав хуваасны нэгийн хэмжээтэй дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу нь улаан өнгөтэй байна.
Ишинд уях талын улаан дувсгэрийн дээд хэсэгт алтан таван хошуу, түүний доор мөн алтан соёмбо үсэг байна. Далбааны өргөн урт хоёр 1:2-ийн харьцаатай байна.
Ерэн хоёрдугаар зүйл: БНМАУ-ын нийслэл бол Улаанбаатар хот мөн.
АРАВДУГААР БҮЛЭГ
БНМАУ-ын Үндсэн Хуулийг өөрчлөх ба халах тухай
Ерэн гуравдугаар зүйл: БНМАУ-ын Үндсэн хуулинд оруулах өөрчлөлтийг гагцхүү Ардын Их Хурлаас хэлэлцэж, түүний депутатудын гуравны хоёроос доошгүйн саналаар баталснаар оруулна.
Ерэн дөрөвдүгээр зүйл: Коммунизмын үед төрийн зарим үүрэг мөхөх тутам тэр үүргийн тухай үндсэн хуулинд бичигдсэн зүйлс хүчингүй болж байна.
Социализм, коммунизм байгуулах гол зэвсэг болсон төр байх хэрэгцээгүй болж, түүнийг хөдөлмөрчдийн коммунист эвлэлээр сольсон цагт БНМАУ-ын Үндсэн хууль халагдана.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг
Ардын Их Хурлаар 1960 оны 7-р сарын 06-нд батлав.